Хар

Хүний муухай үнэр гэж шал өөр юм байдаг юм шүү гэж дуулж байсан. Нээрээ л хүний үнэр, үнэн төрх гаднаа бус дотроо оршдог доо. 

Бид хэрээний харыг гайхацгааж, мал амьтны нүд ухаж иддэг, сэг зэмээр хооллодог болхоор нь муу ёрын амьтан, чөтгөрийн зарц энээ тэрээ гэж ярьцгаадаг. Гэтэл тэр амьтан зарим хүнээс ч илүү хүний үнэртэй, жудагтай, нэгнээ гэсэн сэтгэлтэй байх юм. Сая хичээлээ хийгээд сууж байтал нэг хэрээ манай цонхны гадна хашлаган дээр сууж байх юм тэгээд гайхаад хартал өөр нэг нь нисэх гээд чадахгүй хөөрч буугаад байна, бодвол жигүүрээ гэмтээсэн бололтой. Нөгөө хэрээ нь одоог хүртэл нааш цаашаа нисээд их л санаа зовж байх шиг байна. Хөөрхийдөө жигүүрээ алдсан тэр хэрээ магадгүй үр зулзага нь, найз нь, ижил нь эсвэл аав ээж нь ч байж болох... 

Эхэндээ надад "ямар чөтгөр нь болоод байна аа? Энэ чинь арай нөгөө шулмас, ад зэтгэр, ид шид гээч нь болж байгаа юм биш байгаа! Яасан муухай дуугардаг, ёрийн амьтан бэ?" гэж өөрийн эрхгүй сэтгэлд нэг л жигтэй мэдрэмж төрүүллээ. Яг үнэндээ айж байгаа юм чинь. Тэгээд ажаад байхнээ ижилээ л эргэж яваа сайхан сэтгэлтэй амьтан байсныг нь олж хараад өөрийн муухай бодлоос ичив. Тэгээд таагүй мэдрэмж төрүүлдэг зүйлс муу муухай, буруу ч юмуу эсвэл ад зэтгэрийн байх албагүй, эсрэгээрээ ч байж болох юм гэдгийг ойлгож билээ. 
Яаран дүгнэлт хийх, баригдмал санаанд хүлэгдсэн өнөөдрийн амьдралаасаа бага багаар ч болсон салахын тулд  жижиг ч гэсэн юмыг анзаарч, нээлттэй хандах ямар их аз жаргал, ухаарал сургамж авч ирж байгааг таашгүй юм. 
Би амьдралд хайртай! ;))

Comments

Popular Posts