Гэгээн өглөө-2


Өглөө гээд нэрлэчихсэн болхоор өглөө бичих ёстой юм шиг ч санагдах шиг...
Гэвч одоо ажлын цаг дуусаж байна. Нар жаргах яагаа ч үгүй байгаа хэдий ч аль хэдийнээ үдшийн жавар хурсан байгаа биз ээ... Манай цаг агаар тийм л байдаг. Сайхан шүү.

Өмнөх бичвэртээ юу гээд зогслоо? Ааа тийм...
Би тэрхүү айхтар давааг өөрийнхөөрөө арай чамай даваад, өнөөдөр уруудаад явж байгаагаа хэлсэн. Юу тохиолдсон нь биш яаж давсан нь илүү сонирхолтой байлгүй дээ? 

Энэ үйл явц их сонирхолтой. Аливаа амьтанд амиа хамгаалах зөн гэж байдагдаа, тэгвэл хүний тэрхүү зөн нь энэ үед ч мөн идэвхитэй ажиллаж эхэлнэ. Чи ганцаардаж байвал гарч ормоор санагдана. Хамгаалах механизм нь ажиллаж байгаа нь тэр шүү дээ. Яг л бидний биеийн дархлааны тогтолцоо шиг сэтгэл санаанд ч бас дархлаа байгаа юм. 

Бидний хүсэл зүгээр л харанхуйгаас үсрээд гараад ирэхгүй ээ, хэрэгцээ байгаа учраас л төрдөг. 

Миний хайрыг хайсан эрмэлзлэл бас л ийм л шалтгаантай биз. Нөгөөтэйгүүр зүгээр л нас явсаар байгалийн хэрэгцээ шаардлага нь илэрсэн ч гэж ойлгож болох. Ямар ч шалтгаантай бай, би ямар нэгэн романтик учралтай таарахсан гэхээс тэсэж ядаж байлаа. Цаг нь болсон байсан хэрэг. Тийм ч учраас надад гараа сунгахад би эсэргүйцсэнгүй. Тэр надад талтай байсан. Надад бага ч гэсэн итгэл найдвар төрүүлж байлаа. Хэн нэгэнд би таалагдаж, хайрлуулах эрхтэй юм байна. Би хэн нэгний сонирхлыг найз нөхдийн сүүдэр дор биш зүгээр л байгаагаараа татаж чадах юм байна. Би алзахгүй юм байна гэсэн бодлууд төрж эхэлсэн. Найдварын цахиур ингэж цахисан юм. Гэхдээ түүнд би сэтгэлгүй байлаа. Ямарч хүн өөрт нь бялдуучлан, шүтэн биширч, өөрийг нь өргөмжлөх үед цаашаа гэдэггүй юм. Бусдаар хүндлүүлэх хэрэгцээ, шунал нь хангагдаад ирж буй нь тэр л дээ.

Надад дуртай хүн байгаад би баярлаж, өөрөөрөө бахархаж нээх сүрхий амьтан болсон мэт санагдаж байлаа. Инээдтэй биш гэж үү? Хүнд энэ л хангалттай байдаг юм гэж үү? Нэг өдөр сул дорой хэнд ч хэрэггүй амьтан гэдгээ хүлээн зөвшөөрөн толгой гудайлгаж явснаа ганцхан нааштай хандлаганд хамраа сөхсөн амьтан болох. Миний өчүүхнийг надад дахин сануулах шиг. Хүнээс хамааралтай өөртөө итгэх итгэл. Тэр хүн үгүй бол чи үгүй...

Энэ надад хамаагүй л дээ. Би өөрийгөө олох аялалдаа гарсан байсан. Өөрийгөө аль болох олон талаар сорих нь миний зорилго байлаа...
Тийм учраас зүгээр л “ Болохгүй нь юу байхав..” гэж бодсон. Нилээн хэдэн өдөр сатаарах зүйлтэй, ярих зүйлтэй... магадгүй гайхуулж ч болох юм. Яагаад үгүй гэж... Хэний ч тоож онцолж хардагггүй, царай муутай, уйтгартай “Улаан малгайт”-ын араас нэгэн хөвгүүн гүйж байлаа. Тийм зүйл хэзээ ч тохиолдож байсангүй дээ. Бүр хэзээ ч шүү! Хүн болгоны амьдралд бага зэрэг драмм хэрэгтэй. Огурцын дээр чимх давс цацаад идэхэд хичнээн амттай болж хувирдаг билээ? Дангаар нь байнга идвэл уйдна.

Итгэлтэй алхдаг болов. Инээгээд л баймаар байдаг болов. Сээтэгнэх тийм ид шидтэйг би яаж мэдхийн. Гэвч энэ хоосон хөөс удахгүй замхраад л алга болох байлаа.

Түүгээр тоглоод байгаагаа би мэдэж байлаа. Яг л алуурчин муур дутуу алсан хулганаар наадах шиг, хий дэмий зугаагаа гаргачихаад уйдмагцаа зүгээр л хаяад явчихаж чадна гэдгээ ч гадарлаж байв. Удсангүй ээ... 2, 3 магадгүй 4 удаа... Би уйдчихлаа.... яриа нь яршигтай, байгаа байдал нь уйтгартай. Одоо яая гэхэв. Бидний сэтгэлд ухаан, жолоо байх биш дээ...

Гэхдээ дан ганц уйдчихсан хэрэг бус хүсэн хүлээж байсан зөв нэгэн гараад ирсэнд хамгийн гол нь байсан юм. Амьдрал биднээр тохуурхаж дуусах бишдээ... Би хайртайгаа түүний зохион байгуулсан аялал дээр анх танилцсан юм.

Бүх зүйл шал өөр байв. Түүнийг хэнтэй ч зүйрлэшгүй. Энэ удаад бүх зүйл, бүх зүйл шал өөр байлаа. Би түүнийг ямар нэгэн байдлаар татахыг хүсэж байсан ч бидний хооронд давж болшгүй том саад байв. Тэр ч би ч энэ заагийг давахыг битүүхэндээ хүсэж байсан гэж бодож байна. Би түүний сэтгэлийг мэдэж байна гэж өөрийгөө эндүүрч байв. Нүүрэндээрээ тэр хоёрыг бүтээсэй гэж бодож байгаа мэт дүр эсгэв. Өөрт нь ч тэгж хэлэв. Гэхдээ л яаж ч чадахгүй байлаа. Би түүндээ улам бүр дурласаар л. Тэр миний хувьд яг өмнө минь тавган дээр тавьчихсан  амттан шиг л хараад л санаа алдаад л баймаар. Түүнд хүрэхийг байж ядаж байвч яасан ч болохгүй, нэг л ариун гэгээн, бүр цээртэй ч юм шиг. Энэ талаар бичих нь байтугай эргэн санахад ч хөндүүр байдаг учраас энэ хүрээд зогсоё.

Эцэст би ялсан гэдгээ гэхдээ хэлчихэе. Хайр сэтгэл ялсан.

Comments

Popular Posts